Захирамж


Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай

         Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 66 дугаар зүйлийн 66.1, “Ойн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2.10, 18.2.12, 18.2.14, 18.2.17, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3, Улсын Онцгой Комиссын  2024 оны 02 дугаар албан даалгавар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1.Хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө, аж ахуйн нэгж байгууллагуудын эргүүл хийх хуваарийг гарган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түймэр унтраахад шаардагдах багаж хэрэгслийн  бэлэн байдлыг хангаж ажиллахыг  Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Гантөмөрт даалгасугай.

        2.Түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, аж ахуй нэгж байгууллагад сурталчлах ажлыг зохион байгуулахыг Жаргалант багийн Засаг дарга Х.Энхжаргал, Улаантолгой багийн Засаг дарга П.Барсболд, Дулаан-Уул багийн Засаг дарга Д.Төмөрчөдөр, Соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нэмэхням нарт хариуцуулсугай.

         3.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хуурайшилтын зэрэг гурав, дөрөвдүгээр түвшинд хүрсэн үед ойн сан бүхий газарт мод бэлтгэх, ан агнах, ойн дагалт баялаг ашиглах, ой хээрийн түймрийн аюултай үед иргэдэд санамж анхааруулгыг өгөх, зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих, мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй байхыг Байгаль хамгаалагч Н.Бямбажин, Д.Баттөр нарт үүрэг болгосугай.

        4.Түймэр гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай унтраах ажлыг зохион байгуулж, түймэр тавьсан этгээдийг тогтоож ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Т.Энхжаргал, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Б.Ананд нарт үүрэг болгосугай.

        5.Хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүл, хяналтын ажлыг  тогтмол зохион байгуулахыг нөхөрлөлийн ахлагч нарт хариуцуулсугай.

ЗАСАГ ДАРГА                            Б.ЗОРИГТБАЯР

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх