Жаргалант сумын түүх


Image

1976 он Эрдэнэтийн их бүтээн байгуулалтын ид өрнөл үе байлаа. Хотын хүн амыг төмс, хүнсний ногоо,мах сүүгээр хангах зорилгоор БНМАУ-ын СНЗ-ийн 1976-07-30 өдрийн 249-р тогтоолыг үндэслэн ХАА-ын яамны сайдын 1976 оны  8-р сарын 01-ний өдрийн 429-р тушаалаар  Улаантолгойн САА байгуулагдаж байсан түүхтэй.

            Монгол Улсын төв хэсэгт орших Жаргалант  сум нь Орхон аймаг, Эрдэнэт хотоос зүүн тийш 25 км зайд байрладаг бөгөөд  Хангайн бүсийн Бүрэнгийн нурууны баруун урд үзүүрт Дарист, Бөхөн, Хөшөөтийн нуруудын  хооронд Хангал голын сав дагуу оршдог. Орхон аймгийн хөдөөгийн ганц сум юм.Сумын төв нь Нийслэл Улаанбаатар хотоос 360 км, Дархан хотоос 180км, Булган аймгаас 86 км зайтай ба хойд, урд  талаараа Булган аймгын Хангал, Орхон сумдтай, зүүн талаараа  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумтай тус тус хиллэдэг . Тус сум нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг  холбосон  төмөр зам, Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн дагуух А1001 хатуу хучилттай авто зам, төвийн эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам, үүрэн холбооны бүх сүлжээнд  тус тус холбогдсон нь эдийн засаг, дэд бүтцийн хувьд тааламжтай орчинд байрдгаараа бусад аймгийн сумдаас онцог давуу талтай юм.

 

Жаргалант сум нь 59.5 мянган га хавтгай дөрвөлжин газар нутагтай, үүнээс хөдөө аж ахуйн эдэлбэр газар нь 46.2 мянган га, 12.1 мянган га- нь ойн сан бүхий газар эзэлдэг. Засаг захиргааны нэгжийн хувьд Улаантолгой, Жаргалант, Дулаан-Уул гэсэн 3 багтай,  Жилийн эцсийн байдлаар 1046 өрхийн  3403-н хүн ам тоологдсон.

Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн салбараар тодорхойлогдож байна.

Давхардсан тоогоор 727  өрх буюу нийт өрхийн  69.5%  орчим хувь нь мал аж ахуй, газар  тариалан эрхэлж  жилд дунджаар  30.220,8 сая   төгрөгний борлуулалт хийн Орхон аймаг, Эрдэнэт хотын хүн амыг мах, сүү, сүүн бүтээгдэхүүн болон төмс, хүнсний ногоогоор хангаж байна.

Тус сум нь таван хошуу малаа 5 төрөл дээрээ өсгөж  малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлд тусган  2019-н оны жилийн эцсийн мал,тэжээвэр амьтдын тооллогоор  67.7 мянган толгой мал тоологдсон нь өнгөрсөн оныхоос 7.0 мянган толгойгоор өссөн байна.

Жаргалант суманд Төрийн болон төсөвт  9-н  байгууллагын  нийт 191 төрийн албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Мөн  хувийн хэвшлийн 27 ААНэгж байгууллага худалдаа үйлчилгээ, газар тариалангийн чиглэлээр тогтмол  үйл ажиллагаагаа эрхэлж улс, аймаг болон орон нутгийн төсөвт 250-330 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна.

        Орхон  аймгийн   Жаргалант   сумын   үе   үеийн    ИТХ нь нутгийн  өөрөө удирдах ёсны  байгууллагын  хувьд  7 дахь    удаагийн  бүрэн эрхийн хугуцаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд  орон нутгийнхаа  иргэдийн  нийтлэг эрх ашгийн төлөө тулгамдсан  болон ирээдүйд   чиглэсэн  асуудлуудыг   цаг алдалгүй шийдвэрлэх , хууль  тогтоомжийг   хэрэгжилтийг хангуулахад  үйл ажиллагаагаа чиглүүлсээр   ирсэн.

        Шинээр бүрэлдсэн  сумын ИТХ –нь   нутгийн захиргааны байгууллагын  залгамж  чанарыг   уламжлан хадгалж , орон нутгаа хөгжүүлэх бодлогын үндсийг  тодорхойлох   үүргээ хариуцлагатай  биелүүлэн  хууль  дээдлэх , төрийн албаны ёс зүйг эрхэмлэн сахих ,  ил тод ,  иргэддээ   нээлттэй   байж  тэдний  оролцоог хангах  үндсэн  зарчмаа   дээдлэн  ажиллаж байна.

        Сумын  ИТХ-аас  батлан гаргаж буй   тогтоол  шийдвэрүүд   нь  сумын иргэдийн хөгжил ,  эдийн засаг нийгмийн  бүхий л боломжийг  бүрдүүлэн   улс орныхоо  хөгжил  дэвшилд    мөр зэрэгцэн   урагшлах  зон  олны   аз жаргалтай амьдралыг  дээшлэн дэвжээхэд оршино.

Сэтгэгдэл (1)
  • сайхан л нутаг харагдаж байна. очиж ажиллаж амьдарвал хэр юм болдоо

Сэтгэгдэл үлдээх